Тодорхой салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн экспортыг дэмжих санхүүгийн дэмжлэг олгоно

2021-08-06

Монголын Улсын өнөөгийн экспортын чадавх дэлхийд өрсөлдөх хэмжээнд очиход цаг хугацаа их шаардах нь гарцаагүй. Гэсэн ч бид уул уурхайн ганцхан салбарт эдийн засгаа даатган орхилгүй, Монгол гэсэн нэрийг олон улсад сурталчлан экспортын таатай орчныг эртнээс бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Одоогийн байдлаар бид жилдээ 7,6 тэрбум ам.долларын хэмжээнд экспортын үйл ажиллагаа явуулдаг ба үүний 95 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, үлдсэн 5 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. 



Тиймээс энэхүү байдлыг өөрчилж, экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд экспортлогч нарыг цогц байдлаар дэмжин ажиллаж буй “Экспортыг дэмжих төсөл”, тэр дундаа тодорхой салбартаа тогтвортой ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн санхүүгийн нөхөн олговор олгох, экспортыг дэмжих “Түншлэлийн хөтөлбөр” хэрэгжиж буйг танилцуулахад таатай байна. Бид төслийн зохицуулагч Б.Дөлгөөнтэй ярилцан дараах мэдээллийг авснаа хүргэж байна.


Дэлхийн банкнаас санхүүжилттэй ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж байгаа 
Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн


“Анх 2016 оноос Монгол Улсын Сангийн яамны дэргэд, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй Экспортыг дэмжих төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж 76 аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан байдаг. Энэхүү төсөл нь 2020 оноос ХХААХҮЯ руу шилжин 2023 он хүртэл хэрэгжиж байна. Бид Монголын уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгж, кластеруудын экспортын чадавхыг сайжруулах зорилготой бүрэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид бүрэлдэхүүн хэсэгтээ экспортын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох, гадаад худалдааны бодлого зохицуулалтыг сайжруулах, цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг сургалт, судалгаа, мөн баталгаажуулалт, чанарын удирдлагыг сайжруулах гээд олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээтэй байгаа мэдлэг, мэдээллээр дэмжихээс гадна тодорхой салбарт үйл ажиллагаа нь тогтворжсон ААН, кластеруудад 10-300 сая төгрөгийн санхүүгийн нөхөн олговор олгох “Түншлэлийн хөтөлбөр” хэрэгжүүлж байна. 


2021 оны эхний хагаст “Түншлэлийн хөтөлбөр 1.0”-д 84 аж ахуйн нэгж, байгууллагын материалыг хүлээж авснаас эцсийн шатанд 32 нь шалгарч, гэрээ хэлэлцээрийн түвшинд явагдаж байна.  “Түншлэлийн хөтөлбөр 2.0”-т хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. 


“Бэлэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад цаг хугацаа болон хөрөнгө мөнгө ихээр шаардагддаг. Тийм ч учраас юун түрүүнд аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбараа хөгжүүлж, олон улсад танилцуулснаар өөрийн гэсэн нэр хүндийг олж зах зээлээ бэлтгэдэг. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйд суурилсан бэлэн бүтээгдэхүүнийг экспортлох нөөц бололцоо хангалттай байгаа тул бид дээрх гурван салбарын аж ахуйн нэгжүүдийг “Түншлэлийн хөтөлбөр”-өөр дамжуулан дэмжиж ажиллах зорилтыг тавиад байна. Санхүүжилт авах хүсэлтэй, олон улсад өрсөлдөх сонирхолтой ААН болон кластерууд маань тус хөтөлбөрийн суурь шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн бидэнд илгээгээрэй.” 


“Түншлэлийн хөтөлбөр” нь нийгмийн халамж гэхээсээ илүүтэй эдийн засгийн бодитой чадавхыг бий болгоход чиглэж буй учраас хоёр жилийн турш үйл ажиллагаа явуулсан, жилийн дундаж борлуулалт нь 150 сая төгрөгт хүрсэн байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа.